Хүчирхийллийг юу бууруулж чадах вэ? Хүйсний талцалаас цаадах нэгдмэл зорилго

Эрчүүд нь хүчирхийлэгч болж эмэгтэйчүүд нь хохирогч болж буй нийгмийн асуудалд хүйснээс цаадахыг давж харах нэг өнцөг бий.

Tsolmontuya Altankhundaga
6 min readMar 27, 2020

Энэ өгүүллээр би элдэв орчуулгын хүчирхийллийг бууруулах арга замуудыг бичихээсээ илүүтэй “хүчирхийлэл” гэдэг мэдлэгийг хэрхэн нийгмийн ухаанч, жендер судлаач үүднээс өөр дээрээ хувьсан өөрчлөгдсөнөө анзаарч, гол зорилго ямар чиг хандлагатай байж байж Монголд энэ асуудал буурах тухай хуваалцана. Энэ өгүүллээс хүчирхийллийг хэрхэн хүйсээр ангилан ойлгоод маргах биш, гагцхүү хамтын нийгмийн зорилгоо хэрхэн тодорхойлох, мөн та энэхүү зорилгын төлөө ямар хандлагуудыг шинээр тээж болох тухай өгүүлнэ. Мөн зөвхөн heterosexual буюу эсрэг хүйстэнүүдийн харилцаан дээр үндэслэгдсэн судалгаагаар маань хязгаарлагдсан дүгнэлт тул gender гэдэг үг бус Хүйс гэдэг үг ашиглаж байна.

2017–2019 онд магистрын зэргээ АНУ-д горилохдоо нийтийн удирдлагын хүрээнд нийгмийн аль нэгэн асуудлыг барьж аваад бүх хичээл, бичвэрүүдийнхээ төв болгох нь хамгийн оновчтой аргачлал байсны хүрээнд Гэр бүлийн харилцаанд үүсэх “хүчирхийлэл” -ийг өөрийн сэдвээр сонгож байлаа. Учир нь энэ бол 2 хүний, айл өрхийн асуудлаас гадна юуг өдөөж, юуг засдаггүй, юуг шинэчилдэггүй, юуг дэмждэг нийгэм гэдгийг харах боломжтой нийгмийн асуудал юм.

Надад энэ сэдэвт bias буюу миний өөрийн анхнаасаа нэг талыг баримтлах байр суурь байсан уу? Байсан. Heterosexual буюу эсрэг хүйстэнүүдийн харилцаанд би эмэгтэйг нь яалт ч үгүй үндэслэлгүй өмөөрөх хандлагаар эхний 1 жил өнгөрлөө. Сонгож буй судалгааны материал, уншиж буй бодлогын шүүмж бүгд энэ bias дээр минь үндэслэгдлээ. Дээрээс нь хүний эрх төвтэй нийгэмд байсан нь надад мэдээж нөлөөлсөн. Эерэгээр нөлөөлсөн нь гэвэл би Монголд яригддаггүйгээс болж чимээгүй хүлээн зөвшөөрөгч болсон байр сууриасаа бүрэн гарахад маань маш их тусалсан. Гэсэн хэдий ч нөгөө талаасаа хэт их барууны нийгмийн хандлагаар хандах нь хүчирхийлэлд хүйсийн bias аасаа гарч чадахгүй зөвхөн жендерт бурууг өгөөд гарц бус буруутгалаар дүгнэлт хийх аюултай байсныг анзаарсан тул нэн түрүүнд өөрийн bias аа устгах шаардлагатайг ойлгосон юм.

Судалгааныхаа хүрээнд уншиж байсан зүйлс ихэвчлэн хөгжингүй улсуудын туршлага, сэтгэцийн эмгэгийн нөлөөлөл, эрчүүдийн сэтгэцийн эрүүл мэнд, ядуу буурай орнуудын ижил нийгмийн соёл, эрүүл харилцаа, мөн хөгжингүй орнуудын туршлагаас үндэслэн “ийм” бодлогыг баримталвал асуудлыг шийднэ гэсэн хөгжлийн бодлогуудаар хязгаарлагдаж байлаа. Харин жилийн дараа би судалгаандаа өөр өнгө аяс байлгах гэхээсээ илүү асуудалд өргөн цар хүрээтэй хандах ёстой гэж үзэн нийгмийн ухааны Эмэгтэйчүүд судлал чиглэлээр давхар мэргэшин сурлаа. Улиралд 12–16 кредит илүү хичээл авч зөвхөн бодлогын хүрээнд бус иргэдийн хандлага, үзэл, соёл, нийгмийн итгэл үнэмшлийг бүтээж буй тэр огтлолцол бүхнийг хамруулахын тулд хүний эрх төвтэй феминист үзэл энэхүү асуудалд хэрхэн академийн хүрээнд ханддагийг ойлгохыг хүсэж байсан.

Ингээд 2 эрдэм шинжилгээний жижигхээн хуралд “Гэр бүлийн хүчирхийллийг бууруулах феминист байр суурь”, “Гэр бүлийн хүчирхийллийг бууруулах бодлогын алтернатив” гэсэн гарчигтайгаар хийсэн судалгаануудаа дүгнэлтэд хүрээгүй явцуудаа танилцуулахад ганц нийгмийн ухааны биш олон талаас нэлээд их асуулт ирж сорьж, цаашид дэлгэрүүлж судлах ёстой олон санаа төрүүлсэн юм. Үүнээс суралцсан хандлагууд, нэгдмэл нийгмийн зорилго үүсгэх нь бидний нийгэмд тулгамдсан энэ асуудлыг ойлгоход тус дэмтэй. Ойлгосны дараа, аливаа зайлшгүй хэдэн зүйлийг хүлээн зөвшөөрсний дараа нийтийн хүчээрээ энэ асуудлыг бууруулж чадна. Тэгвэл бид ямар хандлагыг ойлгож, нэгдмэл байр суурийг түгээх вэ:

1. Хүйснээс шалтгаалах таны хувийн байр суурь ямар байгааг олж мэдэх:

Би өөрийн ‘эрэгтэй хүн эмэгтэй хүнийг зодох нь буруу гэдэг байр сууриа цааш нь ухаал үзвэл ‘аливаа давуу эрхэт биеийн хүчээ (эр) ойлголцолд хүрч чадаагүй харилцааны асуудалдаа ашиглаж нэгнийг (эмийг) гэмтээн байж байр сууриа эзлэнэ гэдэг хэзээ ч хүлээн зөвшөөрч болохгүй’ гэж би хувьдаа итгээд байлаа. Яагаад гэвэл heterosexual харилцаанд эрэгтэй хүний биологийн хүчний эсрэг эмэгтэй хүн хариу үзүүлэх нь биеэ хамгаалах оролдлого. Биеэ хамгаалах гэдэг нь харьцангуй давуу хүч чамд халдахад байж болох хамгийн наад захын боломжит хариу үйлдэл үзүүлэхийг хэлнэ. Тэгэхээр асуудал нь эр хүн эм хүндээ биш, аливаа харилцаанд үүссэн үл ойлголцолд шууд хариу үйлдэхэд гарч буй үйлдэл дээр байлаа. Тэгэхээр миний хүчирхийлэлд хандах шийдвэрлэх зорилго нь харилцааны үл ойлголцол, харилцааны мэдлэгт үндэслэлтэй байв. Түүнээс биш эр эмдээ огт бус.

Та хувийн байр сууриа ухаж ойлгох нь хүчирхийллийн эсрэг хийгдэж буй олон үйл ажиллагаанд саад бус дэм болно. Эр Эм гэж зааглаж асуудлыг хараад таны хариу яг л тийм байж, нийгмийн асуудал гэхээсээ илүү нэгнээ буруутгасан асуудал болгоод дахиад л маргаан үүсгэхэд нэмэрлэнэ. Тиймээс та эрчүүд буруугүй ядуурал буруутай, эмэгтэйчүүд ийм тийм, эмэгтэйчүүд бас хүчирхийлдэг гэх мэт хариу илгээж байгаа бол өөрийн bias тань юу байгааг маш сайн ойлгох ёстой.

2. Эрчүүд бол дайсан биш, феминист үзэл хэзээ ч эрчүүдийг буруутгадаггүй

Судалгаагаа танилцуулсаны дараа эрэгтэй хүмүүс ирж, “чамд нэг асуулт тавья, эмэгтэйчүүдийг хамгаалсаар ирсэн эрчүүд энд буруу үүрэх гээд байнаа. Үүнийг яаж хамруулан танилцуулах вэ.” гэж асуусан. Энэ их таалагдсан асуулт байлаа. Намайг ч их өөрчилсөн. Мэдээллийг яаж түгээж буйгаас үл шалтгаалан мэдээллийг хүн бүр өөрөөр тусгаж авна. Энэ дахиад л 1-рхт байгаа bias тай холбоотой. Мэдээж гэр бүлийн бие махбодний хүчирхийлэл үйлдсэн хүмүүсийг цагдаад мэдэгдсэн мэдээлэлд эр хүйстэнүүд илүү их үйлдсэн хүмүүс нь байгаад байна. Тэгвэл феминист нийгмийн ухааны онолчид уг цаад шалтгаан, нийгмийн харж чадаагүй өнцөг, алсын харааг илүү ухаж гаргаж ирдэг. Систем тогтолцооны удамжлалт, өөрчлөгдөх дургүй хандлагыг шүүмжилдэг болохоос хэзээ ч эрчүүдэд асуудлыг тохдоггүйг мэдэх нь зүйтэй. Аливаа судалгаа, нийгмийн байдлыг тайлбарлахад статистик дата ашиглахад хүйсийн ялгаа мэдээж дэлгэгдэнэ. Үүнийг шууд эрчүүдийн эсрэг гэж хүлээж авалгүйгээр харин ч та 1 -р хандлагаа мэдээд авсан бол ямар тогтолцоо, ямар нийтийн үйлчилгээ бидэнд хэрэгтэй байгааг бодвол илүү үр дүн хайх болов уу.

3. Дундыг баримтлахаа зогсоох, тодорхой асуудалд тодорхой байр суурьтай байх

Миний хувьд Монголын эрчүүдийн нийгмийн байр суурь, бас эрүүл мэндийн дата, боловсролын зүгээс харахад маш их ард хоцрогдсон байдагийг мэддэг. Бас санаа зовнидог, өрөвддөг. Нийгмийн жендерийн норм эрчүүдэд сэтгэл санааны болоод эдийн засгийн хувьд дарамт болдогийг мэддэг. Харин бид ХҮЧИРХИЙЛЭЛ ярьж буй бол тэр сэдвээр л байр сууриа өөрөө ойлгож нэг байр сууриа барих нь зүйтэй. “Эмэгтэйчүүдийн эрх” гэдэг үгийг бариад маш их хувийн bias, эрчүүдээ хамгаалах сэдэл, эмэгтэйчүүдийн хов жив, манлайлал, гээд мянган сэдвийг хамруулаад байх биш гагцхүү яг юун дээр энэ хөдөлгөөн, энэ тогтолцооны шилжилт яригдаад байгаад эхлээд сонсоод ойлго. Тэгвэл бид сэдвээсээ халихгүйгээр хүчирхийлэлд хамгийн их өртөж буй асуудлын тухай хариу, өөрийн үзэл, гаргалгаагаа хуваалцаж болно.

4. Өнгөрсөндөө бус, одоо-гоо засварлах боломжийг хүсдэг байх

Феминизмийн хөгжил Монголд ямар байдалтайг ажиглавал ихэвчлэн олон улсад transnational байдлаар хөгжсөн хөдөлгөөн дээр суурьтай байдаг. Бид одоо хүртэл Хаад, Хатадын түүхээр өөрсдийнхөө аливаа нийгмийн болоод жендерийн асуудлаа хааж орхисоор байна (Чимээгүй ! гэж алгадсаар байна). Хэдий болтол хатадын түүх уншчихаад Монголд эмэгтэйчүүдийн асуудал их өөр гээд үүнийгээ жендерийн эрх тэгш байдал гэж ярих вэ? Бид жендерийн бодлоготой болсон ч тэр дотор маань түүхэн ideology нуугдсаар шингэсээр хүчээ эдэлсээр байна. Жендер бол эр эм гэж тодорхойлогдохгүй, харин хаана байгаа хүч нь хэрхэн тодорхойлогдож буйг харах нүд, ухаан бидэнд үүсэх ёстой. Өнгөрсөн нийгэмээ үгүйсгэх биш, харин өнгөрсөн нийгмийн итгэл үнэмшлээсээ авахыг нь аваад хаяхаа хаяад одоогоо яаж харж байгаагаа илэрхийлэхийг хүсэх хүслийг сайшаадаг байх хэрэгтэй. Түүнээс биш өнгөрсөнөөс ирлээ гээд өнөөдрийг их мэдэх байдлаараа тулгаж орхиод чимээгүй үлдээхийн аюулыг аль ч нийгэм туулсаар ирсэн. Тэгвэл эхлээд феминизм, хүчирхийллийг хүйс оноож ойлгохоо хаяад, юуг хүсээд байгааг сонсоцгоодог болоё. Хүчирхийллийг хайр гэж ойлгодог байсан зан үйлдээ бага багаар цэг тавих хүсэлтэй болоё.

5. Хүчирхийллийг бууруулах нэгдмэл зорилго

Дээрх 4 хандлага өвөртлөөд бид хүчирхийллийн тухай бодвол нэг нэгэндээ хүч болж нөлөөлнө. Зөв зүйл, шинэчлэл, өөрчлөлт , жам ёс, ардчилал гэдэг өргөн хүрээний болоод хүн хүн өөрийн тодорхойлолтоор тодорхойлох боломжтой тодорхойлолтоос илүүтэй бид гэр бүлийг бүтээж буй харилцаанд үндэслэсэн асуудлыг олж харах нь зүйтэй.

Бидний нэгдмэл зорилго бол хэн нэгнийгээ яллах бус хариуцлагаа хүлээж, бурууг ухамсарладаг ёс суртахууныг өдөөх, Хэн нэгнийг уучлахдаа бус харилцан ойлголцохын тулд ярилцаж чаддаг чадварыг түгээх, Хэн нэгнээр хувийн харилцаагаа шийдүүлэх бус хамтдаа алхах нийгэмдээ ямар үнэт зүйлсийг бүтээж буйгаа эрүүлээр шийдвэрлэдэг тогтолцоотой байх, Хэн нэгэн- хэн нэгэнтэй асуудалтай гэж харахдаа биш БИД БҮХНИЙ бүтээж буй, хамт зурж буй, хамт баллуурдаж буй нийгэм гэж ойлгохын төлөө буй зорилго юм.

Иймд судалгааны минь нэгдсэн дүгнэлтийн хүрээнд олон улсад авч буй дүгнэж буй дүгнэлтүүдээс гадна хосуудын харилцааны гажуудал,нийгмийн сэтгэцийн эрүүл мэнд, харилцаанд суурилсан үйлчилгээг нэмэгдүүлэх нь нэгдмэл зорилгыг цогцлооход нөлөөлөх хамгийн эрчимтэй хэрэгцээтэй арга зам хэмээн нэггэсэн юм.

--

--

Tsolmontuya Altankhundaga
Tsolmontuya Altankhundaga

Written by Tsolmontuya Altankhundaga

Enriching the content about Mongolia on women, men, society and culture. Opinions are my own and not the views of my employer

No responses yet