On Gender: “How Women Rise”/”Зоримог Эмэгтэй” номоос түүсэн тэмдэглэл & сэтгэгдэл
Энэхүү номыг англи хэл дээр анх уншиж байхдаа өөртөө үлдээн тэмдэглэсэн тэмдэглэл болоод сэтгэгдлээ хуваалцаж байна. Феминизмийн онолын хувьд неолиберал феминист номнуудыг хүртээмжтэй бус, мөн нийгэм эдийн засгийн хувьд өөр өөр улс орнуудад дуурайх боломжит тогтолцоо байхгүй учир хил даваад л хэрэгжихэд хүндрэл ихтэй болдог тухай шүүмж их байдаг хэдий ч, энэ номыг уншихдаа феминист академик бус зөвхөн хувь хүний хувьд хэрхэн хандлагын хэмжээнд өөртөө сануулахад нэн чухал хэдэн тэмдэглэл бичсэн байдаг юм.
Номын хувьд ардчилсан нийгэм, хүний эрхийг дээдэлдэг хөгжингүй орнуудад томоохон корпорациуд болоод удирдлагын түвшиндээ байр сууриа олсон эмэгтэйчүүдийн дунд олон жил хийсэн судалгаанд үндэслэсэн байдаг тул мэдээж 100% бүхнийг Монголтой харьцуулж болохгүй хэдий ч, өөртөө тогтмол сануулж байвал зохистой доорх тэмдэглэлээ хуваалцаж байна.
- Өөрийнхөө хийж бүтээсэн амжилтаа заавал онгироо хөгийн гэж боддог хүмүүсийн бахархах байдалтай харьцуулахгүйгээр олон нийттэй хуваалцаж, түүгээрээ өөрөө бахархаж сурах. Хэрэв хэн нэгэн өөрийн амжилтаа бусадтай хуваалцаж, мэдээллэж буй нь танд олиггүй үйл мэт санагдаад тэр түвшинд очиж доош орохгүй гэж өөрийгөө ятгаж байвал энэ их хортой буруу хандлага үүсэж буйн шинж. Учир нь та ингэж бодсоноор өөрийн амжилтаараа бахархаж буй нэгнийг чимээгүй шүүмжилж дорд үзэх нэг сөрөг сэтгэл зүйг өдөөнө. Зүгээр л өөрөөрөө бахарх, бусадтай хуваалцах замаа нээ.
Сүүлийн 1 жил би энэхүү дадлыг өөртөө бага багаар суулгасан, өөртөө итгэх итгэлийг маш сайн дээшлүүлдэг мэт. Мэдээж ‘онгироо, залуухан байж энийгээ амжилт гээ юу’ гэх олон шүүмжтэй Монголд нүүр тулна. Хамаагүй шүү дээ, чи өөрөө өөрөөрөө бахархах нь хамгийн чухал. Үргэлж даруу, дуугүй байлаа гээд ер нь хаа холдох вэ дээ. Хийсэн зүйл маань өөрөө хэзээ нэгэн цагт бүтэхээрээ танигдана гэвэл энэ цаг үед боломжуудаа алдсан, цаг хугацаа алдсан байх болно.
2. Хэн нэгэн таны хийсэн бүтээснийг бусдад таниулахыг хүлээж суух хандлагатай байвал та нэгдүгээрт өөрийн анхаарах ёстой ажлаасаа сатаарч, хэн нэгэн таныг л “рекламдах” ёстой-д хамаг анхаарал хүлээлт үлдэх болно. Энэ хүлээлт биелэхгүй бол өөртөө сэтгэл дундуур үлдэх, эсвэл ажлын хамт олондоо сэтгэл дундуур болж өөр ажил хайх, өөр хамт олон эрэх цикл үргэлжлэнэ.
Яг ижил төрлийн байдал үүсэж байгаагүй хэдий ч үүнээс зайлсхийхийн тулд өөрийн гаргасан амжилт, өөрийн ур чадвараа маш сайн мэдэж анхнаасаа өөрийгөө үнэлж аливаа шинэ орчинд орвол хаана асуудал үүссэнийг олж хардаг мэт. Хэрэв байх ёсгүй газар бол төвөггүйхэн ойлгоно, заавал хичээж, өөрийн үнэт зүйлсээ бууруулан байж нэг газраа мод мэт үлдээд гундаад байх албагүй. Тэгэхээр өөрийн хүчээ өөрөө мэдэж байвал, магадгүй өөрийн байх газраа мэдэхэд дөхөм болох мэт санагдсан.
3. Мэргэжилдээ мэргэшихээс гадна нийгэм сэтгэл зүйн чадваруудтай байх. Мэргэшил+манлайлах, олон нийттэй харилцах чадвартай байх. Ямар ч ажилд сэтгэл хангалуун байхад мэргэшсэн чадвараа баталгаажуулан дээшлүүлэх, үүнийгээ таниулан хүлээн зөвшөөрүүлэх. 4 төрлийн хүч байдгаас 1-мэргэшил 2-танилын хүрээ 3-зан чанар, харисма 4-албан тушаал.
Номон дээр мэргэжилдээ мэргэшсэн эмэгтэйчүүдийн жишээ их дурьдагддаг. Харин миний хувьд эсрэгээрээ байлаа. Надад 4 хүчийн тухайд 1 л зүйл байхгүй байсан нь олон жилийн турш нэг чиглэлээр бус олон чиглэлээр мэргэшин явсанаа анзаарах сэхэл өгсөн. Үүнээс хойш би өөрийн хамгийн сайн чадах зүйлсээ өөрөөсөө асуун, тэдгээр дээрээ үүдэн ямар чиглэлийн мэргэшилээ нээх тухай бодож, хүний эрх эмэгтэйчүүдий эрх жендэрийн чиглэлээр илүү нарийн суралцаж эхэлсэн.
4. Танил тал, цар хүрээгээ нэмээд буй хэдий ч тоон дээрээ анхаараад чанар дээрээ анхаарахгүй орхих явдал. Энэхүү номны зохиолчдын судалгаанаас үзэхэд эмэгтэйчүүд илүү их шинэ танилтай болдог хэдий ч үргэжлүүлээд энэхүү харилцаагаа чанаржуулан ажил хэрэгтэйгээ уялдуулахгүй байгааг анзаарчээ. Аа мөн, ахиу насны манлайлагч эмэгтэйчүүд бусад эмэгтэйчүүдийг сонсож, дэмжиж их цаг зарцуулж байдаг хэдий ч цаашлаад өөрийн амбицийн хэрэгцээнээс илүү гаргах үйлдэл харагдсангүй байна.
Харилцан ижил давуу эрх эдэлж буй харилцаанд эрчүүд их гарамгай аж. Харин эмэгтэйчүүдэд энэ нэг хүчний асуудал байна. Заавал нэг нь нэгнээсээ илүү байх, хүндлүүлэх, илүү давуу эрх эдлэх гээд л. Тэгэхээр хамгийн чухал нь харилцан ижил benefit эдэлж буй эсэхдээ анхаарах, энэ тэнцвэрийг хадгалах.
АНУ-д байхдаа энэ хэсгийг уншаад би 2 сайн найзтайгаа (26 болоод 53 настай 2 эмэгтэй, 1 нь надаас дүү, нэг нь ээжээс минь эгч) нийлж нэгэн шинэхэн байгууллагыг нээж байсан. Энэ нь бидний нөхөрлөлийг илүү хүчтэй бат болгож чадсан. Бидний харилцаанд хүчний харилцаа үүсээгүй нь АНУ ын соёлтой холбоотой байсан. Харин Монголд соёлын хүчтэй нөлөөллүүд өөр тул эмэгтэйчүүдтэй хамт ажиллахад насны хувьд болоод соёлын хувьд ХҮНДЛЭЛ дээр үүсэх хүчний харилцаа байнга байх болно. Тэгэхээр энэхүү хүчний тогтолцоог үгүйсгэх хэцүү тул яг үүнийг хэрэгжүүлэхэд магадгүй ижил насны хүмүүстэй хүчний харьцаа үүсэхгүйгээр харилцаагаа ажил хэрэг болгож болох мэт санагдсан.
5. Хэт их бодох/Ургуулж бодох нь өнгөрсөнд болсон үйл явдал, алдаа оноогоо эргэн эргэн дахин бодохдоо алдаагаа хүлээн зөвшөөрөхгүйгээр төсөөллийн үйл явц нэмж хачирлаж зохиолыг өөрөөр найруулж бичиж буй явц юм. Эрчүүд ихэвчлэн хэт их бодохдоо уур уцаар дээр тулгуурладаг. Тэгвэл эмэгтэйчүүд өөрсдийгөө илүү их буруутгаж ургуулан боддог байна. Сэтгэл судлаачид ужиг ургуулан бодох байдал сэтгэл гутралтай шууд холбоотойг тогтоодог нь эмэгтэйчүүд өөрсдийгөө аливаа асуудалд буруутгадаг байдлыг онцолдог.
Энэ бүлэг надад их таалагдсан. Учир нь би их олон зүйл дээр ургуулж бодсоор ирсэн. Харин сүүлийн хэдэн жилүүдэд үүнийг таслан зогсоохын тулд жижиг жижиг үйлдэл өөр дээрээ туршиж эхлээд шаардлагагүй бодлуудыг таслан зогсоож сурсан. Жишээлбэл шинэ төрлийн сэдэвт ном унших, өнгөрснөөс сурсан ололт дээрээ анхаарах гэх мэт. Нөгөө талаас тэгвэл rumination ий давуу тал магадгүй таныг сайшаахгүй байгаа газраас ангижирхад тусалдаг мэт. Хүн бүр ялгаагүй, нөхцөл байдал бүр харилцан адилгүй учир заавал ruminate хийлээ гээл өөрийгөө буруутгаад байх биш харин ч өөрийн үнэ цэнээ мэддэг болсон үед зүгээр л хаяад алхах амьдралд хэрэгтэй өгөөжөө өгөх үе бий.
Энэхүү номноос олон сануулга авсан хэдий ч мэдээж 100 хувь даган дуурайж хүлээн зөвшөөрөх өнгө аясаар уншаагүй. Сургамжууд дээрээ өөртөө дүгнэлт хийж, мөн өөрийн дутуу талаа нэлээд бодоход тусалж байсан. Нэг том ойлгуулсан зүйл бол “ҮГҮЙ” гэж хэлж сурах нь бидэнд маш олон шинэ давуу тал боломжуудын хаалгыг нээж өгөх эхлэл байж болно гэдгийг ойлгуулсан. Үүнд соёлын болоод нийгмийн маш олон динамик байгаа хэдий ч цаагуураа энэ утга санааг өөртөө шингээн ойлгож байж билээ. Нэгэн сайхан мэдээ гэвэл МОНГОЛ хэлнээ орчуулагдан гарсан байна лээ. АМЖИЛТ