Диваажинд амьдарсан тэмдэглэл: 3. Амьдралаас суралцсан 5 чухал зүйл

Ямар ч ном, ямар ч хичээлээс үнэтэй сургамжуудыг ойлгох, мэдрэх, талархах боломж олгосон туршлагаас

Tsolmontuya Altankhundaga
5 min readMar 27, 2020
Sunset in Honolulu

Туулж байж, туршиж байж, мэдэрч байж, алдаж байж ухаардагийн нэг сайхан ид шид нь хэн ч хэлээд ойлгохооргүй байсан хичээлийг нэг удаагийн биеэрээ эдэлсэн туршлагаа насан туршийн мэдлэг болгон ойлгуулах хүчтэй байдаг. 2 жилийг диваажинд амьдран өнгөрөөсөн түүх минь миний төсөөлж байснаас ч ихийг надад заан сургасныг ард нь гарсны дараа өөрийгөө ажиглахдаа мэдэрдэг бололтой. Номын эрдэм гэхээсээ илүү надад амьдралын ухаанд анх удаа сургаж чадсан 2 жилийн сургамжаасаа хуваалцаж байна.

1.Хүмүүс чиний төсөөлж байгаагаас илүү чамд туслахад бэлэн байдаг

Хавай-д 2 жил сурангаа амьдрах боломжид уригдсан тэтгэлэгийн захиагаа уншихдаа би ажил дээрээ сууж байсан. 6 сартай жирэмсэн том гэдэстэй. Ажлынхаа найзад хуваалцаад, ажлынхан маань оффистоо хөөрхөн жижигхэн тэмдэглэлт баяр болгож дэмжиж байж билээ. Ар араасаа эргэн тойрны минь бүх хүн дэмжсэнд одоо бодоход миний дотоод сэтгэл зүй л итгэж чадахгүй хэн нэгэн намайг хорьж явуулахгүй байвал өөрийгөө батлаад ятгах ёстой байдлыг хүлээгээд байсан мэт. Харин дэргэд минь байсан бүх хүн надад сайхан боломж, сайхан бүхний эхлэл болж байгааг сануулж жирэмсэний сүүлийн 2 сарын сэтгэл зүйн байдал болоод хүсэж байсан зорилтыг минь дэмжиж байсан. Ганцаараа цүнхээ үүрээд, ардаа санаа зовох ганц зүйлгүй аз жаргалтайгаар явсаны минь ард маш их хүний дэмжлэг байсан.

Нас явах тусам бид хүмүүсийг хардаж сэрдэж харах нь илүү элбэг болдог. Нийгмийн элдэв харилцаануудтай хутгалдаж, ашиг сонирхол, хувийн хожил дээр үндэслэх олон төрлийн маскуудыг мэдэж авсны эцэст өөрийн эрхгүй итгэх нь бага болдог. Гэтэл надад энэ явдал үргэлж итгэл дүүрэн, үргэлж хүмүүс чамд туслахад бэлэн байгааг сануулсан нэг том сургамж болсон юм. Бодоод үзээрэй, бид аливаа асуудлыг өөрийн толгойдоо гацааж эртлэн дүгнэлт хийх бүрт өөрийн таамаглалаараа төгсгөл зохиогоод өөрөө хохирох нь бий. Итгээд үзээрэй, тэд чиний бодож байгаагаас илүү чамд туслахад бэлэн.

2. Өнгөрснөөс салах бол сонголт. Үргэлж зөв сонголт байх болно. Басаж бус Талархаж уучил!

Бие сэтгэл 2 хамтдаа нэг дор байлгах нь бясалгалын хүчийг мэдэх мэдлэгээс илүү хүчтэй. Өнгөрсөндөө болсон, ардаа үлдсэн амьдралдаа санаа зовох сонголтыг хийсээр байсан минь надад газар дээрх диваажинд амьдарч буй ч сэтгэлийн тамд давхар хослуулан амьдрах хугацааг олгосон. Өнгөрсөндөө амьдрах бол бидний сонголт. Бид ямар нэгэн таагүй, сэтгэл тавгүй, аз жаргалгүй мэт үедээ бусдаас буруу хайж эхэлдэг. Эсвэл өнгөрсөндөө эргэн очоод яг тэр нэг мөч, хэн нэгэн, тохиолдсон явдлыг буруутгаж тэндээ үзэлцэж зогсоно. Энэ намайг диваажинд бус тамд байлгасан учир цаг хугацаа, олон алдаа, олон нойргүй өдрүүдийг туулж байж одоо харахад талархаж байдаг хамгийн том хичээл. Туулж байж, унаж байж хүн ухаардаг. Өнгөрсөндөө мянган удаа эргэж очсоны эцэст уур хилэнгээр бус талархалаар өнөөдөртөө ирэх нь хүн бүр чадаад байдаг чанар биш учир хамгийн чухал эзэмших ёстой амьдралын ухаанд сургасан гэж боддог.

Үргэлж өнгөрсөн рүү ямар нэгэн байдлаар өнгийж оччихоод тэндээс асуудлыг шийдэх гээд байвал үүнтэйгээ нүүр тулах ёстой. Сэтгэлийн амар амгалан амьдралаас илүү үнэн инээмсэглэл байхгүй мэт. Цаанаа л нэг сайхан.

3. Ус мэт хувьсамтгай бай. Хүн бүр чамтай санал нийлэх албагүй. Чи харин түүнээс суралцаж чадна.

Дээд боловсролыг гадаадад эзэмших нэг давуу тал бол чи шүүлтүүртэй аливаад ханддаг үе тул бүх зүйлийг өөртөө наалдуулахгүй дархлаатай болсон байдаг. Насны хувьд ч тэр. Ажлын туршлагатай, нийгмийн харилцаанд нухагдсан, туршлагажсан энэ үедээ харин нэг орчиноо сэлгэх нь хүн хэзээ ч үргэлж яг нэг хэвээрээ байхгүй гэдгийн сануулга болдог. Үргэлж сурна гэдгийг ном их уншихдаа бус амьдралын ухаанаар хэмждэг болсон үе байна. Ганцаараа байх үеэ эрхэмлэдэг ч , олуулаа байхын чанарыг хүндэлдэг, мэдлэгт шумбахын жаргалыг мэддэг ч, мэдэхгүйгээ ойлгож чаддаг, эрүүл мэндээ илүүтэй чухалчилж, таалагдахгүй хүрээллээсээ дахиж бодох шаардлагагүйгээр зайгаа барьдаг болсон үе.

Тэгвэл бид үргэлж дороо нэг үндсээсээ салдаггүй мод шиг үзэл бодолдоо үнэнч нэрийдлийн дор бус харин ч ус мэт хувирамтгай, ойлгогдохуйц, заагддаг байх ёстой мэт. Үзэл бодол, итгэл үнэмшил, аливааг харах хандлага үргэлж өөрчлөгддөг, харин бид үүнд дахин суралцах шаардлага амьдралд гардагийг илүү их ойлгосон. Нэг хэв маягт итгэдэг, нэг уламжлалыг л илүүд үздэг, нэг үзлийг л номлодог бол дахин юу ч сурахгүй гэсэнтэй яг ижил. Өөрийгөө нээж, ном сурах гэхээсээ илүү, өөр өөр байдлаас суралцахад нээлттэй байх нь хүний амьдралыг нэгээр гэрэлтүүлдэг таашаал юм гэж бодох болсон.

4. Гэхдээ санал зөрөх үед чимээгүй бус суурьтайгаар өөрийгөө илэрхийлдэг байх

Нэг хэвийн амьдралын хэв маяг, мөн нас арай жаахан ажилд орсондоо тэр үү өөрийн бодол санаагаа амнаасаа унагаах миний хувьд ховор байсан учир энэ надад их сургамж болсон байж магадгүй. Ээж болоод бас нийгмийн хэт идэвхитэй аав ээжийн эрх дураар хүүхэд байснаа гэнэт бас амьдралын шинэ мөчлөгт ороод чимээгүй байх дадал маш хүчтэй нөлөөлсөн байснаа анзаараагүй байсан. Чимээгүй болох үе хамгийн их уналтын үе шүү. Өөрийн дотоод сэтгэл, сэтгэцийн эрүүл мэндийн хувьд ч тэр өөрийн бодлоо, тунгаасан зүйлсээ амаараа илэрхийлэн дуугарах нь зүгээр ярианаас ч илүү бидний амьдралыг бадрааж байдаг. Эргэн тойрондоо ойлгогдох, дотроо бодлоо тээх биш таниулах, дээрээс нь өөрөө өөрийгөө юуг хэлж чаддаг, юуг хэлж чаддаггүй хүн бэ гэж дүгнэхэд ч чухал ойлголт өгнө.

Жаахандаа арай л хэрэггүй зүйлс дээр хэт их яриад харин тун чиг ярих ёстой байсан зүйл дээр за за гээд айдаст автаж өнгөрөөснөөр би үзэл бодлоо чөлөөтэй хуваалцах замаа өөрөө таглаад байснаа ойлгосон. Хаана хэзээ ярих гэдэг энэ л байх. Чамд ашигтай ярих үе бол чиний эмоцонд автаж үг дугарах бус тухайн хүн ч чиний хэлснээс маш их сургамж авах боломжтой, бас чи өөрийн үзэлээ бататгах нэг боломжийг өгч байвал тэр заавал дуугарах ёстой үе шүү. Чимээгүй байхдаа бус чамд ашигтай байдлаа (суралцах), өөртөө зориулж ашиглаж байх. Ингэснээр чи өөрийн хүрээлэлдээ ч гэсэн өөрийгөө хүндэлснээр үүссэн босго тавина.

5. Амьдрал шүү дээ, бүү шүүмжил, хов базахаа зогсоо

Ихэнхи цагаа л хэн нэгнийг шүүмжилж өнгөрөөж байсан мэт. Ямар нэгэн байдлаар хэрэгцээгүй хов живийн суурьтай шүүмжийг таслан зогсоосноор бид тэр их цаг, энергийг өөр зүйлд төвлөрүүлэх боломжтой болно. Диваажинд амьдарлаа гээд ч хов жив, шүүмжлэл байсаар л байлаа. Орчиноо солиод л асуудал шийдэгдэх мэт бодож байсан ч хаа явсан газар хүний нийгэмд энэ байсаар л байна. Тиймээс бидний захирч чадах зүйл бол бид өөрсдөө шүүмжлэл, хов живийг таслаж чадна.

Ингэснээр хүрээлэх хүмүүс чинь хүртэл өөрөө шилэгдээд байх мэт. Бас амьдралд суралцах хаалгаа нээлттэй орхих нэг том ахиц болно. Хов жив базаж ямар ч хэрэггүй хэн нэгнийг шүүмжлэх нь анхнаасаа өөрийн шүүмжээр тэр хүнийг өөрөөсөө ямар нэгэн байдлаар доор гэж үзсэнтэй холбоотой. Тэгвэл үргэлж суралцах, үргэлж сэтгэл дүүрэн, өөрийгөө хүндлэхүйц байдлыг эрхэмлэн хэрэггүй ховоо ардаа орхие.

Aloha!

--

--

Tsolmontuya Altankhundaga
Tsolmontuya Altankhundaga

Written by Tsolmontuya Altankhundaga

Enriching the content about Mongolia on women, men, society and culture. Opinions are my own and not the views of my employer

No responses yet